ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Капитал банкны Эрсдэлийн удирдлагын газар нь 2008 онд байгуулагдсанаар банкинд эрсдэлийг удирдах тусгайлсан, бие даасан нэгж бий болж цаашлаад эрсдэлийн удирдлагын тогтолцоог банкинд бий болгох үндэс суурь тавигдсан. Эрсдэлийн удирдлагын газар нь Эрсдэлийн удирдлагын хороогоор дамжуулан банкны гүйцэтгэх удирдлагатай нягт харилцахаас гадна ТУЗ-ын дэргэдэх Нэгдсэн эрсдэлийн удирдлагын хороонд ажлаа тайлагнадаг.

Эрсдэлийн удирдлагын газрын үндсэн зорилго:

Эрсдэлийн удирдлагын газрын зорилго нь банкны эрсдэлийн түвшин, хэмжээг тодорхойлон, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, арга замыг боловсруулж, эрсдэлийн нөлөөллийг удирдах замаар банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад оршино.

Эрсдэлийн удирдлагын газрын үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого:

Эрсдэлийн удирдлагын газрын үйл ажиллагаа нь банкны бүхий л үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцад үүсч болзошгүй эрсдэлийн хүрээг хамарч байдаг.

Тус газар нь бодлого, журмаар тодорхойлогдсон зорилго, зорилтдоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Эрсдэлийн засаглалыг тасралтгүй сайжруулах
  • Учирч болзошгүй эрсдэлд хязгаарлалт тавих, хүлээн зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинг тодорхойлох
  • Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах, хянах
  • Эрсдэлийн удирдлагын хороонд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах төлөвлөгөө боловсруулах

Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Эрсдэлийн удирдлагын газар нь үүрэг функцийн дагуу 4 албанд хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Зээлийн эрсдэлийн алба
  • Зах зээлийн эрсдэлийн алба
  • Үйл ажиллагааны эрсдэлийн алба
  • Даатгалын алба