Тогтвортой санхүүжилтийн 8 зарчим

1 Байгаль орчноо хамгаалах

Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

2 Хүний эрх, нийгмийг хамгаалах

Бид хүний эрхийг дээдлэн, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, тэгш эрхийг хангах, хөдөлмөрийн нөхцөл, хэм хэмжээг хангаж ажиллана.

3 Соёлын өвийг хамгаалах

Бид түүх, соёл, уламжлалт зан заншил, археологи, палеонтологийн үнэт түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалан ажиллана.

4 Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих

Бид сэргээгдэх эрчим хүч, ус эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай шийдэл, байгалийн нөөцийн ашиглалтын өгөөжийг дээшлүүлэх, хэмнэлттэй хаягдалгүй үйлдвэрлэл үйлчилгээний санаачлагыг дэмжин ажиллана.

5 Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Бид санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал хүртдэг жижиг дунд бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэгт чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэн, дэмжих зарчмыг баримтлан ажиллана.

6 Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгуй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого баримтлан ажиллана.

7 Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

8 Манлайлан үлгэрлэх

Бид энэхүү Тогтвортой санхүүжилтийн зарчмуудаа өөрсдийн үйл ажиллагаандаа мөрдөн сахиж, нийгэм, олон нийт, бизнесийн салбарын хүрээнд харилцагчдаа манлайлан, чиглүүлэн ажиллана.