Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичигт КАПИТАЛ банк нэгдлээ.

Капитал банкны хэтийн зорилт нь “Жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний цахим банк" байхад оршдог.

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр МБХ-ны байранд “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг"-т нийт банкны удирдлагууд гарын үсэг зурж, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхаглалалаа.

Манай банк энэхүү тунхаг бичигт нэгдэж Гүйцэтгэх захиралын орлогч А.Гэрэлмаа гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, МБХ-ны болон нийт банкны гүйцэтгэх удирдлагууд, олон улсын байгууллагуудын төлөөллүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Тунхаг бичигт:

Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй санхүүгийн байгууллагын төлөөлөл болохын хувьд банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэхийгсанал нэгтэйгээр дэмжин, нэгдэж байна.

Хөгжил дэвшил нь бидэндшинэ боломж, нөхцөлийг богино хугацаандолгохын зэрэгцээ агаар-ус-хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц болон усны хомсдол, орчны доройтол, хүн амын хэт төвлөрөл, ядуурал болон бусад асуудлыг шийдвэрлэх сорилтыг дагуулж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ үед, бид эдийн засгийн эрчимтэй хөгжлийг байгаль орчныг хамгаалах, бидний хосгүй нүүдэлчин өв соёл, ахуй, түүхийн үнэт зүйлсийг хадгалах бодлоготой нягт уялдуулах, өрхийн тогтвортой амьжиргаа, Монгол хүний боловсрол, эрүүл мэнд, амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөх хэрэгтэй юм.

Бид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдлийг эрэлхийлж, эрүүл аюулгүй, ногоон орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөөнэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, хамтран ажиллаж буй харилцагч, үйлчлүүлэгчдээрээ дамжуулан Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжилд хөтлөх тулхтай шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Бид дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ тунхаглан илэрхийлж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, тамгын газар, иргэний нийгмийн байгууллагууд, харилцагчид, иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалан дуудаж байна.

Аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг удирдлага болгож ажиллана;

Аливаа шийдвэртээ санхүүгийн тогтвортой байдал, байгаль орчны тэнцвэртэй байдал, тэдгээрт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж байх зарчмуудыг боловсруулж, бүх нийтээрээ мөрдлөг болгохыг уриална;

Банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, харилцагч үйлчлүүлэгчид, хамтран ажиллаж буй байгууллагууддаа хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар мэдээлэл, ойлголт өгч, тогтвортой үр өгөөжийг түгээн дэмжинэ;

Бүх сонирхогч талуудтай хариуцлагатай, нээлттэй харилцана.

Бид тогтвортой санхүүжилтийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх хүсэл эрмэлзэл, зорилтоо батлан илэрхийлэх, бүх нийтийг энэ үйлсэд уриалан дагуулах зорилгоор энэхүү Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурав гэсэн байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжүүлэх төрөл бүрийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ тэдгээрийн байгаль орчин болон нийгэм, ард нийтэд үзүүлж болох сөрөг нөлөөллийг урьдчилан тооцох, түүнийг удирдах, бууруулах, зайлсхийж байх арга хэмжээг авч байх юм.

Монголын Банкны Холбоо