Компанийн засаглалын зарчим

Компанийн засаглал нь дан ганц компанийн удирдлагаас гадна хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, бусад оролцогч талуудын хоорондын харилцан хамаарлыг багтаасан өргөн ойлголт юм. Тиймээс зохистой засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлж, үр ашигтай хяналтын тогтолцоо, удирдлага, эрх мэдэл, ашиг орлогын зүй зохистой зөв хуваарилалтыг бий болгож банкны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Ийм ч учраас манай банк Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-151 тоот тушаалаар шинэчлэн баталсан “Банкны Зохистой Удирдлагын Зарчмыг Хэрэгжүүлэх Журам”, “Банкны зохистой удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж”-д нийцүүлэн дотоод болон гадаад оролцогч талуудад тогтмол тайлан, мэдээлэл хүргүүлэн ажиллахын зэрэгцээ Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 162 тоот тогтоолоор шинэчилэн баталсан “Монголын компанийн засаглалын кодекс”-д заасан зарчим, мэдээллийн ил тод байдлыг ханган Удирдлагын тогтолцоо, тэдгээрийн эрх, үүргийн зааг, ялгааг тодорхой болгон ажиллаж байна. Санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл, өмчлөл, дотоод хяналтын механизм зэрэг тус банкны бүхий л чухал асуудлын талаар үнэн зөв, цаг хугацаанд нь тухай бүр нээлттэй мэдээлэхийн зэрэгцээ Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх шатны удирдлагад тавих үр дүнтэй хяналт, хувь нийлүүлэгчид болон сонирхол нэгт бүх талуудын өмнөх Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрийн үүрэг, хариуцлагыг баталгаажуулж байна.

Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд байгууллагын засаглал чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд манай банк нь “Олон Улсын Санхүүгийн Корпораци”-тай засаглалын чиглэлээр хамтран ажиллаж, тус байгууллагын зөвлөмжийн дагуу эрсдэлийн засаглалын тогтолцоог дараах байдлаар хэрэгжүүлэн ажиллаж байна.